Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн танилцуулга
Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төв нь 2013 оны 12-р сарын 30-ны өдрийн А/689 тоот захирамжаар 2016 оны 01-р сарын 01-ээс 3 хүний бүтэцтэй “Аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсролын төв” нэртэйгээр байгуулагдсан ба одоогоор “Көшелик” ХХКомпаны 5 -р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Өлгий сумын Лаборатори 2-р ЕБС-д “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох танхим”, 13 сумдад 14 багш Насан туршийн боловсрол хариуцаж тус тус ажиллаж байгаа болно. Аймгийн төвийн Насан туршийн боловсрол төвөөс сумдын насан туршийн боловсрол хариуцсан багш нарыг арга зүйгээр хангаж, үйл ажиллагааны чиглэл өгч, хамтарч ажилладаг. Насан туршийн боловсролын төв нь Төрийн төсөвт байгууллага бөгөөд Улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 05-р сарын 03-нд 3071975 регистрийн дугаартай, орон нутгийн хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэх, судалгаа боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр зөвшөөрөл авсан болно. 2020 оны 04-р сарын 06-ны өдөр 0003814 дугаартай “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл”- ийн гэрчилгээг авсан бөгөөд 2025 оны 04-р сарын 06-ны өдөр хүртэл хүчинтэй.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Эх оронч сэтгэлтэй, зөв хүмүүжилтэй, эрүүл бие бялдартай, амьдрах ухаанд суралцсан, санхүүгийн эрх чөлөөт байдалд хүрсэн иргэнийг төлөвшүүлэх, насан туршийн боловсролыг хүн бүрт тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх, зөв хандлагатай иргэнийг нийгэмд бэлтгэх, шударга нийгмийг цогцлоох сургалтын байгууллага байх.
ҮНЭТ ЗҮЙЛС:
- Үндэсний хэл, түүх, өв соёл, зан заншил
- Уламжлал, шинэчлэл
- Нээлттэй ил тод байдал
- Эрх тэгш оролцоо
- Хамтын ажиллагаа
- Хариуцлага, шударга байдал
- Харилцан хүндлэл
- Манлайлал
- Багаар ажиллах
- Чанар
- Хүртээмж
- Үр дүн
2020-2024 ОНЫ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮН СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
- Сургалтын орчин
- Сургалтын чанар
- Хүүхдийн хөгжил, төлөвшил
- Насанд хүрэгсдийн мэдлэгийг дээшлүүлэх
- Өсвөр үе, залуучууд, иргэд, ахмад настанг хөгжүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх
- Хамтын ажиллагаа
- Багшийн хөгжил, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих
- Сургалтын байгууллагын менежмент, төлөвлөгөө
БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО
Бүх нийт нь нийгмийн хөгжлийн чиг хандлага болон хувь хүний эрх ашигт нийцсэн боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшиж, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролын агуулга, арга зүй, үнэлгээ, орчин, боловсон хүчин, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Аймгийн Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаа нь үндэс угсаа, шашин шүтлэг, хүйс, боловсролын зэргээс үл хамааран бүх насны иргэдэд адил тэгш эрхтэйгээр үнэ төлбөргүй чанартай боловсрол эзэмшүүлж, насан туршийн боловсролын агуулгын хүрээнд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан сургалт зохион байгуулж, зөв хандлагатай, эрүүл бие бялдартай, боловсролтой , амьдрах ухаанд суралцсан залуучуудыг нийгэмд бэлтгэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сургууль завсардагсдыг Боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамруулж бага, суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох, Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн суралцуулах ажлыг гүйцэтгэж байна. Мөн бичиг үсгийн боловсролыг бүх насныханд тэгш хүртээмжтэй олгосноор бичиг үсэггүй иргэдийн тоог багасгана.
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Аймгийн Насан туршийн боловсролын төв нь нийтдээ 14 нэгжтэй. Эдгээр нь Алтанцөгц, Алтай, Бугат, Буянт, Булган, Баяннуур, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Цэнгэл, Цэнгэл Тыва сургууль , Улаанхус, Цагааннуур тосгон, Өлгий сумдад байрладаг. Захирал (1) , сургалтын менежер (1) , төвийн багш (1) , нэгжийн багш (14) , Боловсрол, шинжлэх ухааны газарт мэргэжилтэн (1) гэх орон тоогоор нийт 18 албан хаагч ажиллаж байна. Төвийн болон сумдын багш нар бүгд үндсэн орон тооны он удаан жил тогтвор суурьшилтай ажилласан багш нар ба хавсран ажиллаж байгаа багш нар байхгүй болно. Сумдын Насан туршийн боловсролын төвийн багш нар тухайн харъяа сумынхаа ЕБС-ийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Насан туршийн боловсролын хамт олны зураг
Насан туршийн боловсролын үндсэн 5 чиглэлийн сургалтууд нь:
Амьдрах ухааны боловсрол
Амьдрах ухааны боловсрол нь хүн төрөлхтөний хөгжилд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ амьдрах ухааны боловсрол хэмээх ойлголт нь амьдрал ахуйтай холбоотой боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үзнэ. Хувь хүн нийгэм, сэтгэл зүй, танин мэдэхүйн бүхий л харилцаанд өөрийгөө идэвхжүүлэн, амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаагаа байнга хөгжүүлэх ур чадваруудыг эзэмших,түүнийгээ тасралтгүй хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг чадварын цогцыг амьдрах ухааны боловсрол гэнэ. Хүн амьдралынхаа утга учир, үнэ цэнэ, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлж өөртөө болон амьдралд, эх орондоо итгэх итгэлийг хөгжүүлэх, тэднийг аз жаргалтай утга учиртай амьдрал өөд хөтлөхөд амьдрах ухааны боловсролын зорилго оршино. Амьдрах ухаан бол хүний өдөр тутмын хэрэгцээ, шаардлагаа үр ашигтайгаар зохицуулах чадвартай болгодог зохистой, үр дүнтэй зан үйл юм. Амьдрах ухаан нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд нийгмийн сэтгэл зүйн чадвар гэж бүх талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ чадварт хувь хүний, нийгмийн, хүмүүс хоорондын, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн зэрэг бүх талын харилцааны чадварууд багтана. Манай орны нийгэм, эдийн засаг, соёл иргэншилд ихээхэн өөрчлөлт орж байгаа өнөө үед хувь хүн, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицоход шаардагдах “шинэ” чадваруудыг эзэмших шаардлагыг бий болголоо.
Зорилго: Иргэн бүрийг амьдралынхаа туршид бүх талаар тасралтгүй хөгжүүлэх, эрүүл аж төрөх, бичиг үсгийн болон амьдрах ухааны мэдлэг чадвараа дээшлүүлэх улмаар амьдрах, аж төрөх ухаанд сурган амьдралын чанарыг дээшлүүлэх.
Зорилт: Бичиг үсэг үл мэдэгчдийг бичиг үсэгт тайлах, бага мэдэгчдийн унших, бичих, тооцоолох мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар мэдлэг чадварын түвшинг ахиулах Иргэдийг амьдрах ба аж төрөх ухаанд суралцуулах, ингэснээр өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх Эрүүл монгол хүн болж төлөвших
Гэр бүлийн боловсрол
Гэр бүлийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хүний хүмүүн болох суурь хүмүүжил нь гэр бүлийн орчинд төлөвших билээ. Гэр бүлийг тогтвортой, зөв харилцаатай хүний амар тайван аж төрж, хөгжиж боловсрох суурь орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ. Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биесээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах арга зам зэрэг нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой байдаг. Энэ нь нэг талаас хүүхэд залуусыг хөгжүүлж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг, эхчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал байдгийг харуулж байгаа бөгөөд нөгөө талаас эцэг, эхчүүд гэр бүлийн өндөр боловсролтой байх ёстойг илэрхийлж байна. Монгол гэр бүл оршин тогтнож ирсэн түүхэн хугацаанд нүүдлийн соёл, иргэншлийн өвөрмөц дүр төрхөөрөө ураг төрлийн холбоонд үндэслэн уламжлалт хүмүүжил, ёс заншил, хуулийн хэм хэмжээгээр гэр бүлийн боловсролыг хойч үедээ олгож, тэднийг амьдралын ухаанд сургаж ирсэн. Харин орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөн гэр бүлийн асуудал олон талтай болсон нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар иргэдэд олгох нь зүйтэй байна. Энэхүү хөтөлбөрөөр иргэдэд гэр бүлийг хэвийн харилцаатай, тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ тэдний амьдралын мөчлөг, насны онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл хэрэгцээнд нь тулгуурласан гэр бүлийн боловсролыг олгоно.
Зорилго: Залуус, насанд хүрэгчид, өрхийн гишүүдийн гэр бүлийн боловсролын мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах
Зорилт:
Эхнэр, нөхөр болох хүнээ сайн таньж, дүгнэлт хийсний үндсэн дээр гэр бүл болох
Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, бие хүн болгон төлөвшүүлэх
Хувь хүний зүгээс гэр бүл, нийгмийн амьдралд оролцох оролцоо, холбогдох хууль хийгээд ёс зүйн дүрмүүдийг хэрэгжүүлэх
Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол
Өнөө үед “ёс суртахууны хямрал” хүн төрөлхтний “глобаль” асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байгаа билээ.
Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.
Түрэмгийлэл, танхайрал, залилан, авилгал хаа сайгүй байгаа өнөө үед нийгэм, бие хүний ёс суртахууны харилцаа эерэг, сөрөг чиглэлээр хувьсах нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн олон нэрт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгчид “хүн өөрөө ямагт зөв сайн үйл хийх, сайн зүйл бүтээх эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал”, харин нийгэм бол “хүний ёс зүйн төлөвшлийн шалгуур”, ёс зүйн боловсрол нь хүхэд залуучууд, бие хүнээс өөрсдөөс нь, гэр бүлээс эхэлж явагддаг прагматик байх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна.
Монголчууд эрт дээр үеэс ёс зүйн боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх ёс зүйн харилцааны 80 хувь нь гэр бүлд оногддог хэмээн үзэж байсан тул хүүхдээ: “0-3 насанд нь хаан мэт тахи, 4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13- 25 насанд нь хань мэт зөвлө” гэж сургаж байжээ. Монгол хүүхдийг монгол хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлэхийн тулд монгол хүний, гэрийн, төрийн ёсны уламжлал, тухайн хүний ухамсар, соёлын хэмжээг илтгэдэг нийтийн ёс горим, ёс суртахууны эгэл хэм хэмжээ, зарчим, үндсэн ойлголтуудын талаарх суурь мэдлэгийг төрхөөс нь эхлээд гэр бүлд нь, цэцэрлэг, сургуульд нь уян хатан, прагматик хувилбартай эзэмшүүлэн “...хүмүүнлэг, үндэсний дэвшилтэт ёс заншил, ёс суртахууны соёлыг эзэмшсэн, эх оронч, хууль ёсыг дээдэлдэг үзэл төлөвшсөн“ иргэн болгох нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, бид бүхний үүрэг билээ.
Харин хойч үеээ ёс суртахуунтай, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх аав, ээж, ахмад үе, насанд хүрэгчид өөрсдөө биеэр үлгэрлэн, үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх ороныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрсдийн хөдөлмөрөөр, урлаг, сургаалаар үлгэр жишээ болох ёстой. Улс орон маань ч эрх зүйт төртэй, сайн засаглалтай, иргэний ардчилсан нийгэмтэй орон байхын тулд ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн ойлголтуудыг иргэддээ төрхөөс нь эхлээд насан туршид нь тасралтгүй олгох шаардлагатай байна. Учир нь хүн бүр хүнлэг, сайн хүн байж, зөв амьдрах үүрэгтэй.
Зорилго: Насанд хүрэгчдийн ёс суртахуун-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий ёс суртахууны боловсрол, хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах
Иргэний боловсрол
Иргэний боловсрол нь ардчилсан нийгэмд, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, бусдын үзэл бодол, ахуйн соёлын ялгааг хүлээн зөвшөөрч байгаль орчноо хайрлан хамгаалж, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглан, уламжлалт зан заншилыг хойч үедээ өвүүүлэн үлдээх, нийгмийн олон талт харилцаанд тэнцвэртэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх юм. ЮНЕСКО-гоос иргэний боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, аливаа зөрчил, эрсдэлээс сэргийлж, тэгш байдал, ардчилсан нийгэм дэх шийдвэр гаргах үйл явцад иргэний оролцоог дэмжихэд анхаарч байна. Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийг тэнцвэртэйгээр хослуулан эзэмшиж, нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцоход шаардагдах мэдлэг чадварын цогцыг иргэний боловсрол гэж тодорхойлж байна.
Гоо зүйн боловсрол
Хүн төрөлхтний түүхийн эрт үеэс хүн өөрийн гоо сайхны хэрэгцээг хангаж байсныг гэрчлэх олон баримтууд бий. Гоо зүйн шинжлэх ухаан нь хүнээс бодит байдалтай харилцаж байгаа гоо сайхны харилцааны үндэс төрлүүдийг гоо сайхны үүднээс нэгтгэн илэрхийлж байдагт гоо зүйн категоруудын онолын гол ач холбогдол оршдог. Хувь хүний гоо зүйн боловсрол нь гоо сайхан ба ёс суртахууны үзүүлэлтээрээ бусдаас ялгарч, хүмүүсийн оюуны хэрэгцээ ба тэмүүллийн чин эрмэлзлийн түвшнийг харуулж байдаг. Өнөө цагт гоо сайхны өндөр мэдрэмжтэй, ёс суртахууны өндөр соёлтой хүн ажил алба, амьдрал ахуйдаа манлайлж буй нь батлагдсан. Сайн сайхны эх сурвалж хүний оюун ухаанд оршдог. Энэ нь аливаа зүйлийг төгс төгөлдөр, зохистой талаас нь тодорхойлж, гоо сайхны дээд үнэт зүйлийг агуулж байдаг суурь ойлголт юм. Хүмүүсийн нийтлэг нийгмийн утга учир ёс суртахуун болон гоо сайхны үзүүлэлт нь хэрэгцээ ба тэмүүллийн чин эрмэлзлийн төвшнөөр ялгагдаж байдаг. Хүний биеэ авч явах байдал нь зөвхөн гадаад хүчин зүйлийн нөлөөллийн үр дүн бус дотоод эрч хүчийн илэрхийлэл юм. Оюуны хэрэгцээний өндөр хөгжилгүйгээр оюуны соёлыг хөгжүүлж чадахгүй. Түүнчлэн “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”, “Бүх нийтийн санхүүгийн боловсрол”, “Тогтвортой хөгжлийн боловсрол”, “Эрүүл мэндийн боловсрол” олгох сургалтуудыг цогц хэлбэрээр зохион байгуулж ажилладаг.